Skip to Content

Элэгний үрэвсэл

2026 оны гуравдугаар сарын 25 аар
ayaluun, Онлайн
| Сэтгэгдэл хараахан байхгүй

Элэг хэвлийн баруун дээд хэсэгт өрцний дор байрлана. 1200-1400 гр жинтэй. Элэгний уг болон арын багахан хэсгээс бусад нь бүх талаараа хэвлийн гялтангаар хучигдана. Элгийг хучигч глиссон гэр гэх холбогч эдэн бүрхүүл элэгний цуллаг руу орж салбарласан байдаг. Элгийг бүтэц зүйгээр баруун, зүүн дэлбэн болон зүүн дэлбэнгийн доод гадарт байх дөрвөлжин, сүүл хэлбэрийн дэлбэн гэсэн дөрвөн хэсэгт хувааж үзнэ. Элэгний доод талд байх гүн ховилыг элэгний уг гэх ба түүгээр үүдэн вен, элэгний артери, мэдрэлийн судлууд элэг рүү орж цөсний ерөнхий цорго, тунгалагийн судаснууд элэгнээс гардаг.


Элэг уураг, нүүрс ус, өөх тос, фермент, аминдэм, ус эрдэс нөсөөний солилцоо, цөсний шүүрэл ялгаралтанд гол үүрэгтэйгээс гадна бодис, гадны биетийн нөлөөнөөс бие махбодийг хамгаалах дотоод орчныг тогтмол байлган биеийг хоргүйжүүлэх зэрэг амин чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.


Шим тэжээлийн бодисын солилцоонд оролцдог үүргийн талаарх мэдээллийг товч дурдахад: Бодисын солилцоонд оролцож буй амин чухал үүргүүдийн нэг нь уураг, илчлэгийн солилцоо юм. Хэрэв уургийн дутагдалтай байвал тухайн хүн тэжээлийн, ялангуяа уураг, илчлэгийн дутагдалд орно. Ингэснээр тураалд ордог. Элэг тайван байх үедээ илчлэг бодисын солилцооны 19 хувийг хэрэглэдэг. Харин элэгний архаг өвчлөлтэй болвол уураг илчлэгийн дутагдал 34-82 хувийг эзэлдэг. Энэ их тэжээлийн дутагдлын улмаас жин буурдаг, дархлаа эрс суларч, хоёрдогчоор халдвар авах эрсдэл үүснэ. Дараагийн чухал үүрэг нь өөх, тосны солилцоонд оролцох. Элэг нь цөс ялгаруулж, өөх тосыг боловсруулж, тосонд уусдаг A, E, D, K амин дэмийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв элэг цөс ялгаруулж чадахгүй бол өөх тосны солилцоонд асуудал үүснэ.

Цусан дахь холестеролын түвшин хурдан буурах нь элэгний эсийн тэжээлийн хурц дутагдал, өвчний муу тавиланг илтгэдэг. Элэгний эмгэгийн үед А, Д амин дэмийн дутагдал 40 хувь, B бүлгийн амин дэмийнх 8-10 хувь, фолатынх 17 хувь тохиолддог.

Нүүрс усны солилцоонд дараах байдлаар оролцоно. Хооллолт хангалттай хүмүүст элгэнд 10 хувь, булчинд 2 хувь глюкагон агуулагдана. Харин элэгний эмгэгийн үед гликогенээс глюкоз үүсэлт буурч, глюконеогенез эрчимжиж, глюкозын захын хэрэглээ буурна. Ингэснээр хоёрдогчоор чихрийн шижингийн асуудал үүсдэг. Элэгний эдэд глюкагон багассаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж, өөх тос хуримтлагдан элэг өөхжинө.

Гепатит гэдэг үг нь элэгний үрэвслийг хэлдэг. Гепатитын ихэнх хэлбэрүүд нь вирусын халдвараас үүдэлтэй (Гепатит А, B, C, D гэх мэт) боловч зарим тохиолдолд энэ нь аутоиммун эмгэгээс үүдэлтэй бөгөөд бие махбодийн дархлааны систем нь хортой түрэмгийлэгч, элэгний эрүүл эдийн ялгааг хэлж чадахгүй тул элэгний эсэд халддаг. Архи хэтрүүлэн хэрэглэх, хорт бодис, зарим эмнээс элэг гэмтэх нь үрэвсэл үүсгэдэг. Зарим бодисын солилцооны удамшлын өвчин нь үрэвсэл, гепатит үүсгэдэг бөгөөд цөсний урсгалыг удаан хугацаагаар саатуулдаг. Элэгний үрэвслийн зарим хэлбэр нь бага зэргийн шинж тэмдэг үүсгэдэг бол зарим нь ноцтой эсвэл амь насанд аюултай байж болно. Маш олон гепатиттай хүмүүсд шинж тэмдэг илрэхгүй, халдвар авснаа мэдэхгүй явдаг. Халдвар авснаас хойш 2-6 сарын дараа шинж тэмдэг илэрч болно.

Харин шалтгаан тодорхойгүй, гаммаглобин, аутоэсрэгбие цусанд ихэссэн, бүтэц зүйд элэгний гурвал орчим болон түүнээс их хэмжээний үрэвсэлтэй, ихэнх тохиолдолд дархлал дарангуйлах эмчилгээнд сайжирдаг  элэгний архаг үрэвсэлт өвчнийг аутоиммун дархлаат гепатит гэнэ.

Элэгний үрэвслийн  үед элэг томорсоноос бүрхүүлээ тэлэн хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, ходоод гэдэсний хямрал буюу хоолонд дургүй болох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, цанхайх, мэдрэл сульдан, амархан ядарч нозоорох, нойр хүрэх, толгой өвдөх, орчны сонирхол буурах, нойр хямрах, анхаарал үл төвлөрөх, уймараа болох, хөлрөмтгий болох, хамар, буйлнаас цус гарах, цусархаг тууралт гарах, алаг улайх, судаслаг од биеэр гарах, турах, арьс шарлах, хуурайших, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

ayaluun, Онлайн 2026 оны гуравдугаар сарын 25
Нийтлэлийг хуваалцах
Пайз
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх